ХИЙСВЭР БУЮУ АБСТРАКТ УРЛАГ

Posted by ESU in



ХХ-р зууны Авангард урлагт чухал байр суурийг эзэлдэг урлагийн нэгэн төрөл бол абстракт урлаг юм. Абстракт урлаг нь бодит байдалд орших юмс үзэгдлийг байгаагаар нь дүрслэн харуулах буюу урлагийн миметик үзлээс болон изоморфизмоос татгалзаж өнгөний синтез, адилтгал, илэрхийлэх шинж чанар лээр тулгуурлан изоморф бус дүрслэл мөн хийсвэр өнгө дүрслэлийг болон тэдгээрийн тоо томшгүй зохилдолгоог өргөнөөр ашиглаж ирсэн урлаг билээ. Анхны абстракт бүтээлийг Василий Кандинский 1910 онд мөн Ф. Купка 1912 онд тус тус бүтээжээ. Абстракт урлагийн гоо зүйн үндсийг 1910 онд В. Кандинский өөрийн ном, нийтлэлдээ тусган хэвлүүлж байжээ. Нүдэнд харагдах зүлсийг байгаагаар нь дүрслэхээс татгалзах нь зураачид зөвхөн уран зургийн шийдэл дээрээ, өнгө хэлбэрийн нийцэх чанар дээр анхаарлаа хандуулхад туслана. Ингэснээрээ, зураачийн сэтгэлийн оршихуй (өөрөөр хэлбэл зураачийн дотоод сэтгэлгээ) үзэгчидэд бүрэн дүүрнээр хүрч чадна. В. Кандинскийн хувьд уран зураг нь хөгжмийн абсолют шинжтэй адил төсөөтэй бөгөөд йимийн учир зураач зөвхөн Гэгээн Сэрэлийн зууч төдий үүргийг гүйцэтгэдэг. Зураач – зуучын үүрэг нь Гэгээн Сэрлийг уран сайхны дүрслэлийн тусламжтайгаар материаллаг болгоход оршино. Энэ үзэл санаа Кандинскийн үзэлийн гол амин судас нь юм. Тиймээс хийсвэр урлаг нь түүхэн хөгжлийн хуулийн дагуу үүсэн бий болж, өөрийн цаг хугацааны орон зайндаа бодитоор орших бөгөөд Гэгээн Сэрлийг илэрхийлж байгаа нэгэн хэлбэр болохоос орчин цагийн зураачдын дэмийрэл биш юм.

Абстракт урлаг нь уламжлалт миметик урлагаас холбоогоо тасалснаар үндсэн 2 чиглэлээр хөгжиж иржээ.

1. “дүрс, бие үгүй” аморф өнгөний шийдлийн зохилдолгоо

2. Геометрийн дүрс ашиглан бүтээсэн хийсвэр урлаг

В. Кандинский, Ф. Купка нар эхний чиглэлийн гол төлөөлөгчид бөгөөд тэд фовист, экспрессионист урсгалийн төлөөлөгчидийн өнгийг “чөлөөлөх” гэсэн эрмэлзэл, эрэл хайгуулыг эцэс болгож чаджээ. Эхний чиглэлийн уран бүтээлчид өнгөний өөрийнх нь уран сайхны үнэт зүйл, хүчин зүйл дээр голлон анхаарч байсан бөгөөд “оршихуйн үнэн”, “сэтгэлийн бодь чанар”, “ сансар огторгуйн хөдөлгөөн”-ийг болон хүний сэтгэл, оюуны хүчин зүйлүүдийг ( сэтгэлийн хөдөлгөөн, эмэгнэл, гуниг, хөөр баяр г.м ) өнгөөр илэрхийлж байжээ. Иймээс ч абстракт урлаг нь хөгжимд өөрийн адил шинжийг олж байснаар зогсохгүй абстракт урлаг судлаачид, хөгжмийн онолын үндсийг өөрсдийн бүтээлдээ тусгахийг эрмэлзэж байсйн байна.

Хоёр дахь чиглэлийн анхдагч нь Жан Поль Сезан болон кубистууд юм. Энэ чиглэл нь геометрийн дүрс болон шулууныг, тэдгээрийн хугарах шинж чанарыг ашиглан уран сайхны орон зайн шинэ загварыг бий болгох замаар хөгжиж иржээ. Геометрийн хийсвэрлэл нь дотроо мөн олон салаалж хөгжиж байсны жишээ бол М. Ларионовын лучизм, О. Розанова, В. Татлин, Л. Попова нарын конструктивизм, К. Малевичийн суперматизм, П. Мондриан, Т. Ван Дуйсбургээр толгойлуулсан Голландын “Де Стейл” (De Stijl, 1917 оноос) уран бүтээлчдийн хамтлаг.

Голландын уран бүтээлчид неопластицизм хэмээх цоо шинэ тулгуур ойлголтыг бий болгожээ. Неопластицизм нь энгийн, тод ойгомжтой геометрийн дүрслэл нь ертөнцийн тэнгэрлиг хуулийг илэрхийлнэ гэж үзэж байсан байна. Нууцлаг бөгөөд энгийн геометрийн дүрслэл нь сэтгэлийн болоод ёс зүйн шинжийг агуулсан шинж чанартай хэмээн П. Мондриан үздэг байжээ. Мондриан болоод түүний хамтрагчид урлагийн түүхнээ анх удаагаа уран сайхны цулыг тэгш бус бүтцийн тусламжтайгаар тэнцвэрт байдалд хүрсэн нь орчин цагийн уран барилга, дизайн, гоёл чимэглэлийн урлагийн хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулсан.

Дэлхийн II дайны дараагаар урлагийн орон зайд хийсвэр урлагийн тулгуур ойлголтыг дагагчдын шинэ давалгаа түрэн гарч иржээ. Тэд сюрреализмаас «сэтгэл зүйн автоматизм» хэмээх ойлголтыг өөрийн болгож уран сайхны үйл явцыг уран бүтээлээс нь ангижруулан уран бүтээл туурвих явцыг илүүтэйгээр тодруулж, зорилгоо болгон тодорхойлжээ. Эндээс «үйлдэл уран зураг» болоод ХХ –XXI зууны арт практикууд эхтэй хэмээн үзэж болох талтай.

Хийсвэр урлагийн гоо зүйн эрчим хүч нь өнгө, дүрслэл хоорондын дотоод зохицох шинжийг агуулсан тэмдэгтүүдэд оршдог гэж хэлж болох Юм. Хийсвэр урлаг нь урлагийг утилитар, эмпирик, нийгмийн хэв шинжээс салган өнгө, дүрслэлийг ашиглан дотоод сэтгэлийг илэрхийлэх шинэ зэмсэг болон хөгжин иржээ. Зөвхөн өнгө, хэлбэр дүрслэлийг ашиглан дотоод сэтгэлийг илэрхийлнэ гэдэг бол зураачаас нарийн гоо зүйн боловсролыг, сэтгэлгээний өндөр ур чадварыг шаарддаг учраас цөөн тооны хийсвэр урлагийн сонгодог гэж хэлэгдэх бүтээл тааралддаг. Хийсвэр урлаг нь уран зургийн органик болоод генетик дүрслэлийн дэгийг ашиглахаас татгалзсанаар хийсвэр хэлбэр, дүрс ба өнгөний гоо зүйн үнэ цэнийг дээшлүүлэн уран зургийн дүрслэл болоод илэрхийлэлийн чадамжийг өргөжүүлж чаджээ.




This entry was posted on Tuesday, December 19, 2006 at 12:20 AM and is filed under . You can follow any responses to this entry through the comments feed .

0 сэтгэгдэл

Post a Comment