Thursday, December 10, 2009

Монгол зураг


Б. Шарав "Цорж Лувсандэндэв"

“Зуунуудын зааг” хэмээн тодорхойлогддог соёлын үзэгдэл нь шилжилтийн үед тохиодог ба ихэвчлэн хуучин, шинэ соёлын хоорондын тэмцэл, соёлын мутаци, хувьсал, соёлын хямрал, хугарал зэрэг олон талт үзэгдлүүдээр илэрхийлэгддэг. XIX-XX зууны зааг бол гагцхүү монгол орны хувьд шилжилтийн, нийгмийн хаос (эмх замбраагүй байдал) зонхилсон үе байсангүй. Дэлхий даяаар нийгмийн хаос “хаанчилж” байсан үе билээ. Хүнд хэцүү, хямралтай, эмх замбраагүй үед соёлд өөрчлөлт гарч шинэ сэтгэлгээний, гоо зүйн, урлагийн төрөлүүд төрөн гардгийг дэлхийн соёлын түүх төдийгүй монголын соёлын түүх батлана.
Монголчууд бид XYII зуунд өөр хоорондоо дайтаж, тусгаар тогтнолоо алдаж байх шилжилтийн хүнд үед монголын урлагийн сэргэн мандалт хэмээн тэмдэглэгддэг үе тохиосон гэдгийг та бүхэн санаж байгаа байхаа. Магадгүй монголын соёлын түүхийн энэ жишээ л “шилжилтийн үеийн” хэмээгдэх соёлын үзэгдлийн тод томруун жишээ болж болох талтай. “Шилжилтийн үеийн” хэмээгдэх үзэгдэл нь гагцхүү XYII зуунд болоогүй юм. XIX-XX зууны зааг дээр Монголчууд тусгаар тогтнолоо олж авхын төлөө тэмцэх тэмцэл нь оргилдоо хүрсэн тэр шилжилтийн үед үндэсний ухамсар сэргэн мандаж, монгол түмний өөдлөн дэвжихийн шинэ эрин эхэлж байгаа мэт монголчуудад санагдаж байсан нь гарцаагүй. Чухам энэ түүхэн зурваст улс төр, нийгэм, эдийн засгийн хүнд хэцүү үед монголын дүрслэх урлагийн нэгэн урсгал болох Монгол зураг хөгжин цэцэглэж байлаа. Хэдий монгол зураг олон зууны уламжлалтай ч хоёр зууны зааг дээр өөрийн тогтсон өнгө төрхөө олж жинхэнэ монгол үндэстний урлагийн урсгал болтлоо хөгжин дэлгэрсэн. Үүнийг ч өнөөдөр дэлхийн олон улсын урлагийн онолын институтууд болон нөлөө бүхий судлаачид хүлээн зөвшөөрсөн. XIX –XX зуунуудын зааг дээр монголын урлагт тохиосон соёлын өөрчлөлтийн үзэгдэл нь барууны орнуудад үзэгдсэн соёлын өөрчлөлтөөс эрс ялгарана. Хэрэв барууны орнуудад соёлын өөрчлөлт их динамик шинж чанартай, уран сайхны уламжилалаа үгүйсгэсэн, “холбоогоо таслах” байдлаар явагдсан бол Монголын дүрслэх урлагт тэмдэглэгдсэн соёлын өөрчлөлт нь эволюцийн шинжтэй, уран сайхны уламжлалыг сэргээсэн, өргөжүүлсэн, уламжлалт гоо зүйн үзэл, үнэлэмжийг шинэчлэн баяжуулсан хэлбэрээр өрнөсөн. Соёл, урлаг судлаачид монгол зураг стилийг дорнын бусад уран зургийн стилуудтэй жишин үзэх үзэгдэл байсан. Монгол зурагт бусад дорнын уран зурагийн стилийн нөлөө огт байхгүй гэж хэлж болохгүй болов чиг монгол зураг нь үнхээр монгол үндэстнүүдийн дүрслэх урлагийн уламжлалыг бүрэн өөртөө агуулсан, монгол туурагтны язгуур сэтгээлгээ, нүүдэлчин ард түмний гоо зүйн онцлог шинжүүдийг өөртөө шингээсэн онцгой бөгөөд уран сайхны өндөр үнэ цэнэтэй урлагийн бүтээлүүд болохыг нь судлаачид онцгойлон тэмдэглэж байгаа нь сайн хэрэг. Учир нь нүүдэлчдийн тэр дотроо монгол түмний сэтгэлгээний охь дээдийг шингээсэн урлагийн бүтээлүүдийг өөр язгуур сэтгэлгээтэй, ертөнцийг үзэх болон гоо зүйн ондоо үзэлтэй ард түмний урлагтай дүйцүүлэх нь наандаж болхи бүдүүлэг хэрэг болно. Монгол зураг нь өөрийн өнгөний зохиомж, зураасын каллиграфик шинж чанраараа, хээ хуарлаг шинж чанараараа, өвөрмөц орон зайн шийдлээрээ, зурах арга зүйгээрээ, төрөл жанраараа дорнын бусад уран зургийн төрлүүдээс нилээд онцгой байдаг. Яагаад эдгээр чанарууд нь Монгол зургийн онцлог болдог вэ гэхээр дүрслэх урлагийн уламжлалтай, тэдний язгуур сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэлтэй нь маш нарийн бөгөөд нандин холбоотойд оршино. Монголчууд өнгөний билэгдэлт чанарыг нилээд өндөрт тавьдаг байсан бөгөөд зураачид өөрийн ард түмний дуртай өнгийг голлон ашиглахын сацуу олон зууны туршид өнгөний билэгдлийн онолыг буй болгосон юм. Монголын дүрслэх урлагт гүн цэнхэр, улаан, ногоон, шар, цагаан зэрэг өнгөнүүд зонхилдог. Завсрын өнгүүд маш ховор ашигладаг байсан ба тод өнгүүдтэйгээ ихэд нарийн зохилруулан ашиглаж чаддаг байсан нь хүртэл монголын уран зургийн өнгөний зохиомжны онцлог тал гэдгийг судлаачид тэмдэглэдэг. Эрхэм та сайн анзаарваас монгол зурагт голлон ашигладаг өнгөнүүд нь “цэвэр байгалын өнгө” гэдгээрээ олноо түгсэн монголчуудын эрхэмлэн дээдэлдэг өнгөнүүд. Монголын ард түмэн “номин ногоон өнгө”, “элсний алтан шаргал өнгө”, “газрын бор өнгө”, “тэнгэрийн хөх өнгө”, “уулсын хөх өнгө” гэх мэт янз янзаар өнгийг нэрлэх бөгөөд зохилроогүй өнгөний нэгдлийг “бохир, хиртэй өнгө” хэмээн нэрийддэг тиймээс зураачид тод бөгөөд “тунгалаг” өнгүүдийг бүтээлдээ ашиглахыг эрмэлзэдэг байсан нь бидэнд өвлөгдөн үлдсэн цөөн боловч гайхалтай сайхан урлагийн бүтээлүүдээс харж болно. Монгол зургийн өөр нэгэн сонирхолтой онцлог нь бол орон зайн өвөрмөц шийдэл. Хэрэв барууны уран зургийн онолд нэг цэгээс нэг төвшинд харж зурсан мэт алслал байвал, гэрэл сүүдрийн хөдөлгөөн байвал орон зайтай гэж үздэг бол Монгол зурагт орон зайн мэдрэхүүн нь тэс ондоо юм. Монгол зурагт орон зайг “нисэж буй шувууны” өнцгөөс дүрсэлдэг. Ингэснээрээ үзэгч уран зураг дээр дүрсэлсэн бүхий л үйл явдалын гэрч нь болох, дүрсэлсэн бүгдийг нарийн харах боломжоор хангагдана үүнийг олон өнцөгт зураг гэж нэрлэх. Үнхээр монгол зурагт “ертөнцийг” дээрээс нь харж буй мэт орон зайг үүсгэж чадсан нь өөр хаа ч үгүй онцлог шинж чанар. Бас нэгэн онцлог болох зураасын каллиграфик шинж чанар нь зураг дээрхи объектуудад орон зайг үүсгэдэг. XIX зууны сүүлч XX зууны эхэнд Монгол зургийн техникээр зурдаг олон тооны авьяслаг зураачид байсан бөгөөд тэдний бидэнд үлдээсэн их өв нь чухам энэ үед монгол зураг хэмээх дүрслэх урлагийн нэгэн урсгал хэзээ ч арчигдахгүйгээр дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд үлдэж байна гэж бахархан хэлэх үндсийг буй болгосон. Энд нэрт зураач Жүгдэрийн “Өргөө”, Цагаанжамба “Гүнжинлхам”, Г. Дорж “Майдарын эргэлт”, Дамбын “Зая гэгээний хийд”, Сономцэрэнгийн Түшээт хан Насантогтох түүний хатны хөргүүд зэрэг бүтээлүүдийг дурьдаж хэлэх хэрэгтэй. Мөн түүнчлэн нэр нь үл мэдэгдэх олон зураачдын бүтээлүүд одоог хүртэл Монголын музей, хувь хүмүүсийн цуглуулганд хадаглагдан үлджээ. Ганцхан уран бүтээлчийн тухай товч дурьдхад... Монгол зургийн сод төлөөлөгч, Монголын шинэ үеийн дүрслэх урлагийг үндэслэгчдийн нэг бол “Марзан” нэрээрээ олноо хүндлэгдсэн Балдуугийн Шарав (1869-1939) юм. Түүнд VIII Богд Жавзандамба ийм хоч хайрласан гэдэг. Бас өөр нэгэн сурвалжаас бол бүтээлүүддээ хүний амьдарлыг элдэв явдлыг шүүмжлэн, ёгөөддөг түүнийг олон түмэн “сонин марзан зүйл хийдэг хүн” хэмээн “марзан” гэх болсон гэдэг. Юутай ч гэсэн Б. Шарав ихэд өөдрөг, алиа хошин зантай, сайхан сэтгэлтэй хүн байсан гэдэг. Энэ нь ч түүний бүтээлүүдэд илт байдаг. Нөгөө талаасаа тэрээр өөрийн бүтээлүүддээ ихэд няхуур ханддаг байсан нь түүний бүтээлүүдийн хоёр үзүүрт гүн гүнзгий агуулага, дайчин, хурц уран сайхны хэллэг, нийгмийн уур амьсгалыг ихэд мэдэрч ажилладаг зэргээс нь мэдрэгддэг. XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн монголчуудын амьдарлын хэв маяг, нүүдэлчин ард түмний ёс заншил, төрхөөс, үхэх хүртэлхи хүний амьдралыг хөгжөөнтөй аясаар хүүрнэн өгүүлсэн түүний “МОНГОЛЫН НЭГ ӨДӨР”, “ҮРС ГАРЧ БАЙГАА НЬ” зэрэг уран зурагуудыг нь Монгол зургийн сонгодог бүтээлүүд хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Дээрхи бүтээлүүддээ Б. Шарав найр хурим, наадам, оршуулах зан үйл, эсгий хийх, түлээ мод бэлтгэх, тариалангийн ажил, эмнэг сургах, мал тамаглах, үүлэн борооны явдал, хүүхэд төрөх, шунаг сэтгэл, ичих сэтгэл, хайр сэтгэл, алиа хошин зан зэрэг хүний дотоод сэтгэлээс гадна, тухайн үед хүрээнд байсан гадаадын цэргийн сургагчыг хүртэл юу ч орхиж үлдээлгүй тэр үеийн монголчуудын амьдарлыг зугаа цэнгэлтэй нь, шашинтай нь, гүн ухааны сэтгэлгээтэй нь дүрсэлжээ. Гадаадын зарим судлаачид түүнийг голландын алдарт зураач Питер Брейгелтэй зүйрлэх нь бий гэвч тэрээр Б. Шарав шиг хүний амьдарлын олон талт үйл явдлаг хязгаарлагдмал орон зай дээр энгийнээр, урнаар, хошиноор, гайхалтай бодитойгоор үзүүлж чадаагүй гэж санана. Балдуугийн Шарав нь гайхалтай авьяслаг, олон талт уран бүтээлч байсан болох нь түүний “Ногоон Дарь Эх”, VIII Богд Жавзандамба, Эх Дагинй Дондогдуламын болон өөр олон тооны хөрөг зурагууд, ХХ зууны эхэнд бүтээсэн Монголын анхны шуудангийн маркийн эх загвар, 1925 онд хэвлэгдсэн мөнгөн тэмдэгтийн эх загвар, олон тооны одон медалиуудын эх загвар, хувьсгалын агуулагтай ухуулах зурагт хуудсууд, номын чимэг зурагуудаас нь харж болно. Дэлхийд “хүйтэн дайн” ид гаарч, ЗХУ-д Сталиныг шүүмжилж, эх оронд минь явагдсан хэлмэгдлийн шуургын үр дагавар намдах тэр үед 1950-аад онд монгол зургийн уламжлал Б. Шаравын шавь Д. Манибазар, нэрт зураач Ү. Ядамсүрэн, А. Сэнгэцохио, Д. Дамдинсүрэн, Ц. Минжүүр зэрэг олон уран бүтээлчдийн хичээл зүтгэлээр дахин сэргэж эхэлсэн юм. Хэдий тухайн үед монгол зураг зарим талаараа өөрчлөгдөж, агуулга нь явцуурах хандлагтай байсан боловч үлгэр домгийн, түүхэн, ан амьтаны сэдэвтэй олон сайхан бүтээлүүд гарч байсан. Тухайлбал: Ү. Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, Д. Дамдинсүрэнгийн “Наадам”, А. Сэнгэцохиогийн “Буур” зэрэг олон сайхан бүтээлүүд гарч байсан. Монгол гэснийг устгаж байсан хэцүү цаг үед монгол зураг дахин сэргэж, баяжин хөгжиж ирсэн нь гайхалтай. 1990-ээд оны үед Монгол Улсад дахин шилжилтийн үе эхэлсэн юм. Хуучин тогтолцоог халж, шинэ тогтолцоо бүрэлдэн бий болох тэр үед бас үндэсний ухамсар сэргэн мандаж, монголчууд олон арван жилийн дараагаар эрх чөлөөгөөр амьсаглаж эхэлсэн. Улс төр, нийгэм, эдийн засгийн хүнд хэцүү энэ үед Монголын дүрслэх урлаг түүн дотроо Монгол зураг өөрийнхөө хөгжлийн шинэ үеийг эхэлсэн. XX- XXI зууны зааг дээр явагдаж байгаа монгол зураг стилийн өөрчлөлт, шинэчлэлт нь ч олон зууны уламжлалаа сэргээх, тэр уламжлалаасаа сайн, сайхан бүхнийг нь өөртөө тусган авах зэргээр хувьсалийн шинж чанартай явагдсан бөгөөд өнөөдөр агуулга, сэдвийн хувьд өргөн хүрээтэй болон хөгжиж байна.
Урлаг судлаач ЭСҮ

1 сэтгэгдэл: