
Сайн байцгаана уу? Блогтоо бичлэг бичэлгүй тун их удлаа. Амжилгүй байсаар... Эсү миний хамгийн сүүлд бичсэн хоер бичлэг “Ирмүүн LIFE” сэтгүүлд дээр хэвлэгдэн гарсан байгаа. Нэг нийтлэл нь суут зураач Амадео Модильянигийн амьдрал уран бүтээлийн тухай бол нөгөө нэг нь Дорждэрэм хэмээх залуу уран бүтээлчийн талаар өгүүлсэн хүүрнэл байгаа. Өнөөдрөөс боломжоороо блогоо шинэчилж байх болно.

Архитектурийн түүх гэдэг гайхамшигтай түүх бий. Учир нь Архитектур гэдэг нь урлагийг шинжлэх ухаан, шинжлэх ухааныг урлаг болгож чадсан хүн төрлөхтөний оюун санааны охь дээд нь бөгөөд суут демиургуудын үзэл санаа, хүн төрлөхтний хүсэл эрмэлзэлийн илэрхийлэл нь болж цаг хугацааны хүчийг сөрөн оршиж ирсэн гайхамшигт түүх, агуу Бүтээл юм. Архитектурын олон мянганы хөгжилийн түүхийг хараад, уншаад бид архитектур гэдэг нь гагцхүү хүний орогнох оромж бус хүн төрлөхтний итгэл, мөрөөдөл, ур ухаан, авьяас билэг дээр тулгуурлан бүтээгдсэн цогц эрдэм гэдгийг олж харах болно. Германы алдарт урлагийн онолч Фридрих Вильгельм Иозеф фон Шеллинг: “Архитектур бол царцсан хөгжим” хэмээх алдарт тодорхойлолтоо “Урлагийн гүн ухааны лекцүүд” (1842) номондоо бичин үлдээсэн байдаг. Гагцхүү Ф. Шеллинг ч бус алдарт И. В. Гёте, мадам де Стайл нар архитектурыг хөгжимтэй зүйрлэн бичсэн байдаг. Орчин цагийн архтектурт (ХХ зууны 80-аад оноос хойших архитектурийн чиг хандалгуудыг орчин цагийн архитектур гэнэ) олон мянган жилийн турш хөгжиж ирсэн архитектурийн тулгуур үзэл санааг өөртөө агуулан үлдээж чаджээ. Архитектурийн тулгуур үзэл санаа гэдэг нь тухайн цаг үед оршиж буй хүн төрлөхтний хүсэл эрмэлзэлийн оргил нь юм. Орчин цагийн архитектур гэдэг ойлголтонд архитектурийн олон урсгал, чиглэлүүд орно. Тухайлбал: Деконструктивизм, Блобитекчюэр, Хай – тэк, Эко – дизайн, Постмодэрн г.м Эдгээр бүх урсгал, чиглэлүүд нь орчин цагийн хүмүүсийн гоо зүйн мэдрэмж, оюун сэтгэлгээ, итгэл бишрэлийн илэрхийлэл юм. Аль ч урсгал бай цогц, хармоник үзэл санааг дэвшүүлдэг бөгөөд гагцхүү өнөөгийн нийгмийн хэрэгцээнд тулгуурлалгүй урлагийн бүтээлийг бий болгож урбан сэтгэлгээний дээдийг өөртөө шингээн хөгжиж байна. Одоо хүн төрлөхтөн хэрэглээний сэтгэлгээнээсээ салж зөн билэг, оюуныг дээдэлсэн сэтгэлгээ рүү тэмүүлж байна. Орчин цагийн архитекторууд ч үүнийг мэдэрч урбан соёлыг дэлгэрүүлэхийн хажуугаар хүний орчинг орхидуулалгүй бүтээлээ туурвицгааж байна. Өнөө үед амины орон сууц, олон нийтийн барилга байгууламж гэдэг нь тухайн хамт олон болоод эзэний ертөнцийг үзэх үзэл, сэтгээлгээний мөн чанарыг нь харуулдаг болжээ. Тиймээс ч орчин цагийн архитекторууд барилга байгууламж сүндэрлүүлэхдээ индивидуал шинж чанартай байгаад зогсохгүй орчиндоо зохицох чанарыг дээдлэн бүтээцгээж байна. Тухайлбал миний хүндэтгэн явдаг архитекторч, домогт сэр Норман Фостэрийн бүтээсэн байгууламжууд нь нийцэхгүй мэт санагдах зүйлүүдийг нийцүүлж чаддаг. Ганцхан жишээ дурьдхад түүний бүтээсэн Свис Рэ Тауэр барилга нь хөгшин европын Лондоныг орчин үеийн дүр төрхтэй болгоод зогсохгүй түүхт архитектурийн сүр хүчийг даралгүй, хэт эклэктик харагдуулалгүй зохицон сүндэрлэж орчин цагийн архитектурийн сэтгэлгээний билэг тэмдэг нь болж шинэ гоо зүйг бий болгож чадсан хэмээн үнэлэгддэг. Дэлхийн улс орнууд ертөнцийг төсөөлөн сэтгэж урлан бүтээсэн архитектурт дурлах бөгөөд өөрсдийн билэгдэл, итгэл үнэмшил, сүр хүчээ архитектураараа дамжуулан харуулж бусдад гайхуулцгааж байна. Өнөөдрийн Улаанбаатрын барилга байгууламж бидний итгэл үнэмшил, хүсэл эрмэлзэл мөн үү?