Monday, June 21, 2010

Дэлхийн өв Монголд.

Урлагийн үүслийг эрдэмтэн судлаачид олон янзаар тайлбарладаг боловч нэн эртний уран бүтээлчид өөрийн аж амьдрал, дотоод ертөнц, ертөнцийг үзэх үзэл санаагаа хад, чулуун дээр дүрслэн нэгэн төрлийн виртуал ертөнцийг бүтээжээ. Эртний хүмүүс анхны зураасаа (линия) зурсан нь анхны тэмдэг - идеограмаа хадан дээр бүтээсэн явдал нь хүн төрлөхтний түүхийн хамгийн том алхам болсон юм. Палеолитийн үеийн хүмүүсийн оюуны соёл, ертөнцийг үзэх үзлийг нээж судлахад тэдний үлдээсэн урлагийн дурсгалууд эн тэргүүн чухал, хэрэглэгдэхүүн болдог. Палеолитийн үеийн урлагийн дурсгалын тоонд арслан зааны соёо, чулуугаар ур сайтай гүйцэтгэсэн эмэгтэй хүний жижиг баримал (Венерүүд), цөөн тооны эрэгтэй хүний болон амьтадыг дүрсэлсэн жижиг барималууд, агуйн хана, хадан дээр зосон будгаар зурсан, цоолборлосон зураг, зан заншлийн болоод ид шид, ертөнцийн зүй тогтлыг илэрхийлсэн байж болох дүрс тэмдэгтүүд зэрэг багтдаг байна.


Чулуун зэвсгийн үед анх примитив урлаг (Primitive art) үүсэн бий болсон. Дээд палеолитийн үеийн дурсгалууд судлаачдийн анхаарлыг онцгой татдаг нь тэр үеийн уран бүтээлчид магадгүй цөөн хэдэн хүн урлагийг өндөр түвшинд гаргаж өнөө цагийн судлаачдыг гайхшруулж байна. Энэ салбарын маш нэр хүндтэй судлаач З.А. Абрамова “Палеолитийн үеийн урлаг нь он цагийн гүнд ноцсон галын дөл адил үүссэн. Гайхалтай хурдтайгаар хөгжсөн энэ урлаг гарч ирсэн шигээ хурдан алга болсон. Дараагийн эрин үеүүдэд энэ урлаг үргэлжилэлээ олж чадаагүй юм” хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Мэдээж дараагийн үеүүд болох неолит, мезолитийн үед хамаарах дурсгалууд олон байдаг. Хэдий тийм боловч энэ үеүүдэд уран сайхны хэллэг, уран сайхны сэтгэлгээнийхээ хувьд палеолитийн үеийн урлагийг давах хэмжээний бүтээлүүд төрөөгүй хэмээн зарим судлаачид үздэг. Орчин цагийн судлаачид палеолитийн үеийн дурсгалуудыг судлаад тухайн үеийн хүмүүсийн оюуны соёл, тэдгээрийн сакрал шинж чанарыг товойлгон гарган ирж байгаа нь эртний чулуун зэвсгийн үеийн урлагийн дурсгалуудын үнэ цэнийг улам өргөж тэдний сэтгэлгээний онцлогийн тухай улам ихийг нээсээр байна.

Одоогийн байдлаар Монголын газар нутаг дээрээс дал гаруй хадны сүг зураг олдсноос түүхийн олон цаг үед хамаарах бөгөөд энэ дугаарт палеолитийн үед хамаарах примитив урлагийн цөөн дурсгалуудыг танилцуулж байна.

Хойд Цэнхэрийн голын хөвөөнд оршдогоос ийнхүү нэрлэгдсэн энэ агуй нь карбонат чулуулгаас тогтсон бөгөөд дотроо бөмбөгөрдүү оройтой ба шалнаас адар хүртэл 20 метр орчим зай хөндийтэй юм. Эл агуй хана болон дээврийн хөндийн хадны зургуудыг анх газарзүйч О.Намнандорж 1951 онд олж илрүүлж, дараа нь 1966 онд А.П.Окладниковоор ахлуулсан Монгол – Оросын хамтарсан эрдэм шинжилгээний экспедици, В.В.Ларичев, А.П.Деревянко, Н.Сэр-Оджав, Д.Дорж, Д.Цэвээндорж нарын зэрэг эрдэмтэн судлаачид нягтлан судалж байжээ. Уран сайхны өндөр гүйцэтгэлээрээ олон эрдэмтэн судлаачдын анхаарлыг татах болсон агуйн сүг зургууд нь 15 – 20 мянган жилийн настай. Оросын алдарт академич А.П.Окладников “Бидний өмнө яахын аргагүй дээд палеолитийн үед хамаарах Төв Азийн эртний болоод уран сайхны үнэ цэнэтэй дурсгал байна. Энэхүү дүгнэлт нь гагцхүү Монголын хувьд бус түүх, соёлын ухагдахуунаараа өргөн их ач холбогдолтой билээ” хэмээн бичин үлдээсэн байдаг. Хойд цэнхэрийн агуйн хадны сүг зурагаас бид олон мянган жилийн тэртээ монголын газар нутаг дээр ямар амьтад нутагшиж байсныг тэр үеийн хүмүүс юуг шүтэн биширч, дээдэлдэг байсныг олж харж болно. Агуйн цайвар өнгийн хананд ан амьтан, мод зэргийг дүрслэхдээ нэг хэсэг зургийг өтгөн улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан туяатай, улаан шаргал өнгийн зосон будгаар зуржээ. Судлаачид Хойд цэнхрийн агуйн хадны сүг зургийг 14-н зохиомжит бүлэг болгон хуваадаг. Агуйн тааз болон хананд олон тооны ан амьтан, тэмдэг, билэгдэл зэргийг дүрсэлсэн байх ба хоёр бөхт тэмээ, арслан заан, буга, одос үхэр, аргаль, янгир зэрэг амьтадын дүрсүүд агуйн зүүн талын нуранги багатай хунхнуудад хадгалагдан бидний үе хүрсэн байна. Эл агуйд хадны сүг зураг бүхий хунх 4 бий. Эхний хунхад 20 гаруй гөрөөс, могой зэрэг ан амьтадын зураг байх бөгөөд гөрөөсийг өргөн сүүлтэй, соотон чихтэйгээр маш бүтээлч бөгөөд чадварлаг зурсан байна. Хоёр дах хунх нь агуйн хамгийн том хунх бөгөөд агуйн хамгийн ур хийц сайтай гоёмсог зургуудыг өөртөө агуулдаг юм. Хунхад арслан заан, аргаль, тэмээн хяруул, цацагт хяруул, цэн тогоруу, зэрэг амьтдыг дээр дээрээс нь давхарлан гоёмсог байдлаар зуржээ. Хоёрдугаар хунхаар дамжин гурав дах хунхад хүрэх бөгөөд уг хунхад хоёр бөхт тэмээг нилээд том хэмжээгээр чөлөөтэй дүрсэлсэн байхаас гадна янгир, нисэж байгаа шувууг дүрсэлсэн байна. Сүүлчийн хунхад шувуу, гацуур мод, харайж буй гөрөөс зэргийг зурсан байна. Дүрслэлийн онцлогийн хувьд эдгээр зургуудад амьтдыг энгүүн бодит байдлаар харуулсан бөгөөд онцгой чавдарлаг гүйцэтгэжээ.

Академич А.П.Окладников хойт Цэнхэрийн агуйн хадны зургийг судлаж, “урлагийн эхлэл, түүний үндэс Өрнө дахинд байсан шиг Дорно дахинд Төв Азийн гүнд байсан... ” гэж эрдэм шинжилгээний чухал дүгнэлт гаргасан юм. 1996 онд ЮНЕСКО-гоос Хойд Цэнхэрийн агуйг “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна.

Хэнтий аймгийн Батширээт сумын Рашаан хад хэмээх газар чулуун зэвсгээс авхуулаад Хүннү, Кидан, Монгол гүрний үед хамаарах олон тооны түүх, археологи, антропологи, хэл шинжлэл, соёл, урлаг судлалын өргөн ач холбогдолтой дурсгалууд элбэг олддог. Рашаан хадны палеолитын үеийн сүг зурагт арслан заан, савгат хирс зэргийг дүрсэлсэн байх бөгөөд хожуу үеийн зургуудаас хэмжээгээр том, нилээд бүдүүвчлсэн шинж чанартай байна. Өөр нэгэн дурсгал болох Ишгэн толгойн хаднаа нийт хүн, адуу, үхэр, буга, хандгай, гөрөөс, тэмдэг дүрс зэрэг 150 орчим дүрс сийлэгдсэн байдаг. Монгол орон түүний хөрш зэргэлдээ нутгаас урьд өмнө чулуун зэвсгийн үед холбогдох барын зураг олдож мэдэгдээгүй бөгөөд харин Ишгэн толгойн хаднаа дурдсан зэрлэг амьтдын хамт цөөн тоогоор барыг дүрсэлсэн нь сонирхолтой юм.
Увс аймгийн Сагил сумын Хад үзүүр гэдэг газар хаданд янгир, буга, үхэр, адуу, чоно, хүн зэргийн зуу гаруй дүрсийг хонхойлон дүрсэлж сийлсэн бөгөөд дүрсийн арга барил төдийгүй он цагийн хувьд өөр өөр үед холбогдох ажээ. Дурдсан үхэр, бугын хоёр том зураг бусдаас хэмжээгээр том төдийгүй тэдгээрийн зарим дээр нь хожуу (хүрэл зэвгийн) үед буга, янгирын зургийг давхарлуулан сийлсэн. Баян-Өлгий аймгийн Бага Ойгор, Цагаан салаа голын савд олон мянган хадны зураг байдаг бөгөөд үүний дотроос палеолитын үед зарим зургууд нь холбогдоно. Өөд өөдөөсөө харсан хоёр арслан зааны дүрсийн гадна талаар нь хөвөөлөн цохиж хошууг дээш өлийлгөн богино хөлтэй, уртлаг биетэй дүрсэлжээ. Зүүн талын арслан зааны хажууд доор дугуй дүрс цохиж гаргажээ. Эндээс холгүй өөр нэгэн хаданд, урт хошуугаа унжуулан зогсч буй арслан зааныг бөмбөгөр толгойтой, уртлаг биетэй, богино сүүлтэй дүрслэхдээ эр хүйсийг цохон үзүүлжээ. Түүний цээж өргөн урд хөл нь урт, хойд хөл нь богино юм. Мөн цагаан салаагийн нэгэн хаднаа хошуугаа унжуулан зогссон арслан зааныг дүрсэлжээ. Ийнхүү Монгол нутагт хуучин чулуун зэвсгийн үед амьдарч байгаад мөхөж сөнөсөн арслан зааны зураг шинээр нэмэн олдож буй нь энэ үеийн урлагийн дурсгалын тархцын хүрээг тэлж, улам баяжуулж байна.
Чулуун зэвсгийн үед өнөө үед манай оронд нутагладаггүй олон тооны ан, амьтан нутаглаж байсныг хадны сүг зургуудаас олж харж болно. Тухайлбал тэмээн хяруул, заан, бар, хирс г.м.
Манай орны газар нутаг дээрээс олдсон хадны сүг зурагууд нь Өрнөд Европын дээд палеолитын үеийн зургуудтай урласан арга барил, зурсан будгийн өнгө, ан амьтдыг дүрсэлсэн арга барил зэргээрээ адил төстэй бөгөөд шинжлэх ухааны ихэд ач холбогдолтой болох нь судалгаагаар нэгэнт нотлогджээ. Хадны сүг зураг бүр өөрийн гэсэн амьтны байрлал, зүг чигтэй байгаа нь сонин, магадгүй тэр үеийн хүмүүсийн гярхай шинж чанартай холбоотойгоос гадна магадгүй тухайн үеийн зураачдад нэгэн төрлийн “тиг” байсан байж магадгүй гэсэн таамаглалыг дэвшүүлхэд хүргэж байна. Ан амьтан, араатны хөдөлгөөн дүр төрх, дүрсийг маш хурц нарийн шийдэлтэйгээр урлан бүтээсэн нь гайхалтай. Тухалбал бугыг дүрслэхдээ эртний зураачид тэдний нарийн тэгш сайхан бие, тэдний соотон чих, биеийн хөдөлгөөнөөр тэдний сонор сэрэмжтэй байдлыг чадварлагаар гаргаж ирсэн бол заан, одос үхрийг дүрслэхдээ тэдгээр амьтадыг суурьтай, хүчирхэг биеийг нь товойлгон дүрсэлсэн байдаг. Амьтны хүйс болон тэдний зан авирыг ч мөн нарийн мэдрэмжтэй урласанаас гадна амьтны биеийн ерөнхий тэгийг чадварлагаар гаргадаг зэрэг нь тэдэнд хүч ба граци, болхи бүдүүлэг болоод ихэмсэг чанарыг онцгой мэдэрч гоо зүйн дүрмэнд захирагдан дүрсэлсэн зэрэг нь дээд палеолитын үеийн оюуны чадамж, уран сайхны мэдрэмжийг ямар түвшинд байсныг илтгэж байна. Тухайн үеийн уран бүтээлчид бүдүүвчлэн бүтээдэг байсан ч нарийн мэдрэмжтэй байсан гэдэг нь харагдах бөгөөд энэ нь сакрал шинж чанар бүтээлдээ шингээдэг, шууд бодит дүрсээс татгалздаг байсантай холбоотой хэмээн судлаачид үзэх нь бий. Хадны сүг зургийн хонхойлгон цохин гаргах техник нь дурсгалуудыг олон мянган жилийн уртыг туулж, өнөө хүртэл хадаглагдан үлдэх үндэс нь болжээ. Палеолитийн үеийн хүний хийсвэр сэтгэлгээ нь өөр нэгэн оршихуйн хэмжүүрт шилжсэн нь урлаг байлаа. Өөрийн амьдарлын туршлага болоод ертөнцийг үзэх үзлээ харагдах хэлбэрт оруулснаараа тэр үеийн хүмүүс өөрийн оюуны ертөнцөө өргөжүүлж энэ туршлага нь нэгэн төрлийн он цагийг удирдах хүчийг өгсөн байна. Монголын газар нутаг дээр олдсон палеолитийн үед хамаарах соёлын дурсгалууд нь гагцхүү Монголынх байгаад зогсохгүй бүсийн цаашлаад дэлхийн хэмжээний ач холбогдолтой агуу бүтээлүүд гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

0 сэтгэгдэл:

Post a Comment