Өшөө авалт нь эртний уламжлал бөгөөд өнөө цагт ч учир холбогдолоо гээгээгүй үзэгдэл юм. Яг одоо та телевизийн сувгаа нээхэд л дэлхийн хаа нэгтээ өшөө авалт явагдаж буйг харах болно. Өшөө авалт гэдэг нь хоорондоо учирч боломгүй мэт санагдах хоёр эксцесс бие биетэйгээ учирдаг болзооны газар. Нэг талаас “нүгэл” нөгөө талаас “баатарлаг үйл явдал”. Дэлхий дээрхи өшөө авалтын түүхүүдийг тоолоод баршгүй.
![]() |
| “Ноён Өшөө авалт” |
“Ноён Өшөө авалт” киноны фон нь шархдашгүй мэт азийн бар улсын 1990-ээд онд болсон санхүүгийн хямрал. Гол дүр болох Рёгийн амьдралд ч хямрал эхлэнэ. Түүнийг үйлдвэрээс нь хална, луйварчдын мэхэнд өртөн бүх хадгаламж болон өрөөсөн бөөрнөөсөө сална. Рё төрөлхийн сонсголгүй бөгөөд түүний халамжинд үхлүүт өвчтэй эгч байх бөгөөд хажуугаар нь хэт зүүн үзэлтэй найз охин. Үхлүүт өвчтэй эгчийнхээ яаралтай мэс заслын төлбөрийг төлхийн тулд тэрээр киднэппинг хийхээр шийднэ. Түүний сонгосон хүүхэд нь үйлдвэрийн удирдлагуудын нэг инженер Пакын охин. Энэ сонголт нь ч энгийн сонголт биш юм. Тэрээр мөнгө ч олно, дээд давхрагын нийгмийн дайснаа ч гайгүй сайн гэгч нь сургачихана.
Киног үзэх эхний үед бие биенээ хуурч урхинд оруулж буй телевизийн шоу үзэж буй мэт сэтгэгдэл төрнө. Өөрийгөө олзлогдсон гэдгийг гадарлах ч үгүй Пакийн охин аавынхаа “сайхан сэтгэлт найзуудтай” нь тоглоно.Энэ үеээр хөөрхий шаналсан эцэг нь шаардсан мөнгийг нь цуглуулна. Бүх зүйл сайн сайхан болдог жамаараа болно. Хэппи энд ч дөхөж байна уу гэсэн сэтгэгдэл төрнө.
Гэвч “тохиолдол” гэгч зүйл тун ойртож буй хэппи эндийг холдуулна өөрөөр хэлбэл хэппи эндийг “булшилчихана”. Рёг юунд орооцолдсоныг гадарласан эгч нь дүүгээ бодон өөрийгөө нөгөө ертөнцөд илгээнэ. Голын эрэг дээр тоглож байсан Пакын жаахан охин гэнэт усанд живж үхнэ. Энэ үйл явдал нь зэрэг өрнөх вендеттийн гараа нь болж өгнө. Охиноо алдсан Пак хүүхдийнхээ алуурчдын мөрийг мөшгин явна. Дүлий Рё түүний эгчийг үхэлд түлхсэн бас нэгэн хүчин зүйл болох луйварчдын толгойны эрэл мордоно. Пак болон Рё хоёуул өшөө авахын хилэнд автах бөгөөд тэр нь маникал шинж чанартай болно. Үхэх ёстой бүх л хүмүүс энэ кинонд үхнэ. Луйварчдыг Рё олж аван ална, түүний найз охиныг болон өөрийг нь Пак тарчлаан ална, харин Пакийг Рёгийн найз охины найз болох радикалууд ална.
Алдарт гурвалын хоёр дах нь сэтгэл зүйн триллер “Олдбой”. 1988 онд олноос үл онцгойрох согтуу О Дэ-суг гэрийнх нь өмнөөс хулгайлна. Хэсэг хугацааны дараа сэргэсэн Дэ – су өөрийгөө хувийн шоронд хоригдсоныг олж мэднэ. Тэрээр ихэд сэтгэлээр унах бөгөөд нэг өдөр телевизээр өөрийн хайртай эхнэрийг зэрлэгээр алуулсаныг болон түүний үхэлд өөрийг нь сэжиглэж буйг олж сонсоно. Хэргийн газар түүний цус олдсон гэснийг сонсоод өөрийнхөө гар дээр зүүний үл мөрийг олж харна. Дэ – су амиа хорлохыг завдах боловч оролдлого нь бүтэлгүйтнэ. Цаг хугацаа өнгөрсөөр тэрээр бусдад гэм, уур хорслыг учруулж болох бүхий л үйлдлээ тоочин бичнэ...
Арван таван жилийн дараа тэрээр маш том байшингийн дээвэр дээр сэрэх бөгөөд түүний хувьд амьдарлаа шинээр эхлэнэ гэдэг утгагүй байлаа. Түүний эхнэрийн амийг яагаад хөнөөсөн, өчүүхэн олхиогүй ч гэлээ хэвийн урсаж байсан амьдарлыг нь яагаад бусниулах болсон шалтгааныг олж өшөөгөө авах нь түүний ганц зорилго болоод байлаа.Хачирхалтай нь гэвэл тэрээр маш хурдан өөрийг нь тарчлаан зовоогчийг олох бөгөөд тэр нь ч нэг их нуугдаад байхыг ч хүсээгүй нь илт. Тарчлаагч Ву Жин Лигээс бүх үнэнийг олж мэдэхийг тэр хичээнэ...
![]() |
| Хатагтай Өшөө авалт |
Нэг нь нүүрэндээ ямар ч будаггүй энхрий зөөлөн Ли Гэм Ча, нөгөө нь дизайнеруудын хувцасаар гангарсан глэм – садист дүртэй хэнийг ч үл өршөөх Гэм Ча. Түүний дүр төрх өөрийн эрхгүй домгийн бүсгүй Юдифийг санагдуулна.
Хүүхдийг алсан хүн нь англи хэлний багш байх бөгөөд олон тооны хүүхдүүд алсан болхыг хадагтай Ли илрүүлнэ. Алуулсан хүүхдүүдийн эцэг, эхчүүд болон хадагтай Ли өөрсдөө алуурчин – багшийг шүүн цээрэлхээр шийднэ. Тэд ээлжлэн алуурчныг тамалсаар утсан чинээ амийг нь хөнөөх бөгөөд үүнтэй нэгэн зэрэг тэр хүмүүсийн шунаг, атгаг санаа илрэн гарна. Йим маягаар “гэгээн” өшөө авалт нь нийгмийн эмэгнэлт - хошин үзэгдэл мэт сэтгэгдлийг төрүүлнэ.
Кино ээж болон баян австрали айлд өргүүлсэн охин хоёрын нэгдлээр төгсөнө.
Пак Чан Үгийн гурвал бүтээл нь үйлийн үр гэдгийг судалсан судалгааны бүтээл мэт. Тэрээр өөрийн бүтээлүүддээ өшөө авалтыг олон талаас нь харуулхаас гадна, гагцхүү өшөө авалт гэдэг үзэгдлийн тухай бус хүний мөн чанар, нийгмийн асуудлуудыг хөндөн гаргаж байна.
“Ноён Өшөө авалт” жинхэнэ сонгодог вендеттийг харуулах бөгөөд тэдний нүгэл нь муугаа, сул доройгоо үл тоомсорлосонд оршино. Инженер Пак цөхөрсөн ажилтнаа үл тоосон (эцэст нь олон хүүхэдтэй гэр бүлийг үхэлд түлхсэн) бол Рё жаахан охиныг авраагүй. Хоёул хүн алья хэмээн санаатайгаар хөнөөгөөгүй. Зүгээр л тэд ийм үйлийн үртэй байж. Рё болон Пакийн хувь заяа тийм төөрөгтэй байж. Тэдний санамсаргүй хийсэн үйлдэл нь соронзон адил олон олон нүглийг өөртөө татсан. Эцсийн эцэст хүмүүс бид цэвэр нийгмийн бүтээл болоогүй бол яг энэ кинон дээр гарч буй өшөө авалт хэзээ ч болохгүй байсан. Нийгэм, эдийн засгийн дарамт, хүмүүсийн сэтгэлгээний өөрчлөлт зэрэг нь энэ киноны баатруудыг йим байдалд хүргэж байна.
“Олдбой” бүтээлийн баатарын шаналалын эхэнд болгоомжгүй явдал оршино. Энэ кинонд өшөө авалтыг үргэлжлэн сунжирсан, удаан хугацааны үйлдэл болгон харуулж байна. “Хиймэл там” болох шоронгийн умгар өрөө “цэвэрших” өрөө болон хувирч байна. Тэрхүү тамд өнгөрүүлсэн шаналал нь киноны баатарын дахин төрөх үндэс нь болж байна. О Дэ – сүгийн хувьд өшөө авалт нь тайвшралыг, уучлалыг авчирч байна. Хэрэв эхний кино нь гинол стилээр бүтээсэн бол “Олдбой” г кинокомикс хэмээн тодорхойлж болох талтай ч уг түүхийн эхэнд комикс байсан нь шүүмжлэгчдийг тэгж тодорхойлход хүргэсэн болов уу.
“Хадагтай Өшөө авалт” киноны баатар Ли хадагтайн хувьд өшөө авалт гэдэг нь нэгэн төрлийн муу муухайгаасаа салах, цэвэрших сэдэл нь болж байна. Энэ кино нь нилээд “глэм” шинж чанартай бөгөөд энэ нь солонгосын орчин цагийн киночдын дунд ихэд өргөн дэлгэрч байгаа кино хэллэг юм.
Эрхэм уншигч та заавал үзээрэй антифаталист уг гурвал нь танд нэгийг бодогдуулах буй заа.



гайхалтай юм аа.чи ч гэсэн ийм сонгодог байдаг...
ReplyDeleteБи Oldboy-г үзсэн. Яг үнэнийг хэлэхэд таалагдаагүй. Би уг нь урлагийг ойлгодог гэж л боддог юм өөрийгөө. Гэтэл үгүй бололтой. Ер нь солонгосын уран сайхны кинонууд нь гоё шүү. Сүүлд гарсан кинонуудаас "Галан дундах 71", "Хөвд", "Би мангас харсан", нэрийг нь мартчихаж нэг гэрийн үйлчлэгчтэй кинонуудыг үзсэн. "Би мангас харсан" бол яг энэ өшөө авалтын төрлийн зохиолтой. Хамгийн сүүлд өшөөгөө аваад аваад утгагүй л болчихож байгаа юм л даа. Одоо "Ах" гээд киног олж үзэх гэж хичээж байна.
ReplyDelete