![]() |
| Artist Sh. Chimeddorj |
![]() |
| Artist M. Erdenebayar |
Нүүдэлчдийн хүүхдүүд 3-4 настайдаа морь унаж сурч, морьтой нөхөрлөдөг бол монгол зураачид морь зурж гараагаа эхэлдэг гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу. Хэдий тийм боловч өөрийн урлагийнхаа гоо зүйн кредо болгосон зураачид цөөн.
Улаан морьдоороо дэлхийг туулсан зураач бол Монхорын Эрдэнэбаяр (1968 онд төрсөн). Түүнийг New York Times онцолж, нэр хүндтэй Asian Аrt News түүний бүтээлийн зургаар хавтсаа чимж, дэлхийн олон тооны үзэсгэлэнгийн танхимууд түүний бүтээлүүдийг бахархан дэлгэж байсан. Монголын орчин үеийн дүрслэх урлагийн томоохон төлөөлөгч тэрбээр сүүлийн арав гаруй жил гагцхүү морь дагнан зурж байгаа. Үүгээрээ ч урлаг судлаач, уран зураг сонирхогчдын анхаарлыг ихээр татаж буй зураач юм.
М. Эрдэнэбаяр 1990-ээд оны дунд үеэс өөрийн хэллэг, хэлбэр болон өнгө, гэрлийг хайж эхэлсэн. Эрэл хайгуул нь хэрхэн өрнөж, үргэлжилж байсныг Rattle (1995), Sound Of Stirrups, (1999), Father (1999) гэх мэт 1995-2006 оны хооронд бүтээгдсэн бүтээлүүдээс нь харж болно. Энэ үеийн морьд нь илүү хөдөлгөөнтөй, олон өнгөтэй, деталь ихтэй байдаг. Өнөөдрийн М.Эрдэнэбаярын кубист, цөөн өнгөтэй, монохром морьд нь сүүлийн дөрөв таван жилд бүрэлдэн бий болсон. Энэ эрлийн хамгийн чухал ололт нь түүний өнөөгийн кубист шинж чанартай морьны хэлбэр биш юм. Морийг ойлгох түүний мэдлэг туршлага нь нэгэн цул ойлголт болон бүрэлдэж чадсан. Монгол менталитеттэй, морины соёлын уламжлалтай зарим талаараа буддийн гүн ухаантай ууссан, хэлбэрийн бус агуулгын, сэтгэлгээний, мэдрэмжийн өгүүлэл, өгөгдөл ихтэй Эрдэнэбаярын гэх урлагийг бий болгосон нь түүний хамгийн том ололт гэж боддог.
Яагаад түүний морьд хүмүүсийн сэтгэлийг ингэж их татна вэ? Бүтээлийг нь харах тусам М.Эрдэнэбаярын морьд илүү нууцлаг, илүү эрч хүчтэй, илүү “хөдөлгөөнтэй”, илүү сэтгэл татам болж хувирдаг. Яг л бурханы хөрөг адил...
Үнхээр М. Эрдэнэбаярын морьд бол зүгээр нэг морьд гэж танигдах геометр дүрс биш харин билэгдэлийн шинж чанарыг агуулсан байдаг. Монгол морь, монгол хүн, байгал хоорондын нарийн нандин холбоо мэдрэгдсэн морины хөрөг зураг юм. Guardian Of the Next Generation (2008), Cool Day (2008), Snowbound (2009) зэрэг бүтээлүүдийг нь харсан хэнд ч морины хөрөг зураг, цаашилвал нүүдэлчин шинж нь өнөө ч сэтгэлгээний түвшинд нь анзаарагдах монголчуудын хөргийг үзэж буй мэт сэтгэгдэл төрнө. Хөрөг зурагт байдаг психологизм, гоо зүйн түвшин дэх дотоод харилцаа түүний бүтээлүүдэд оршдог. Урлагт дурлагчид түүний бүтээлээс адилхан гэх сэтгэгдлийг бус “амьд” хэмээх мэдрэмжийг олж авдаг.
![]() |
| Artist M. Erdenebayar |
М.Эрдэнэбаярын морьдыг харах тусам бүтээлд нь бус монголчуудад улам ихээр дурламаар. Монголчууд байгалиа, морио ямар ихээр хайрладаг юм бэ гэж өөрийн эрхгүй дуу алдмаар санагддаг. Өнөөгийн Монголын хүн амын гуравны нэг нь хотод амьдарч байгаа. Гэвч тэд сэтгэлгээ, мэдрэмжийнхээ түвшинд уудам талдаа одоо ч эрх чөлөөтэй амьдарч байгаа юм байна. Яагаад ч юм түүний бүтээлийг харахаар ийм бодол, мэдрэмж төрдөг. Түүний бүтээлүүдийг дахин дахин хармаар санагддаг. Харах бүрдээ шив шинээр нээж хардаг. Бүтээлийнх нь өнгөний эрчим хүчинд өөрийн мэдэлгүй уусч, удаан гэгч нь ажиглаж зогсдог. Чухамдаа үүнд л Эрдэнэбаярын морьдын хүч чадал оршдог болов уу.
Зарим нэг нь түүнийг “Морины Чимэддорж” гэх нь ч бий. Уг нь бол Шагдаржавын Чимэддорж. (1954 онд төрсөн) Монголын орчин цагийн дүрслэх урлагийн томоохон төлөөлөгч. Түүний бүтээлээс дорнын уран зураг, түүн дотроо монгол зурагийн уламжлалын “өөр төрөлт”-ийг ажиглан хардаг. Тийм сэтгэгдэл төрдөг. Яг сэтгэгдэл ч биш юм аа, итгэл надад төрдөг. Дахин төрөлт биш “өөр төрөлт”. Монгол зураг хэмээх локал шинж чанар бүхий дүрслэх урлагийн нэгэн стилийн зураасын гайхамшиг түүний зураасаар дамжиж өөрөөр төрж байна. Түүний бүтээлүүдийн гүнд “дорнын сэдэв” оршсоор байдаг. Учир шалтгаан, гүн ухаан, ер оршин буй орчилтой нь өгүүлж, дүрсэлж чаддаг нь дорнын сэтгэлгээний амин сүнс. Энэ утгаараа заримдаа түүнийг дорнын зураачдаас илүү хол сэтгэж, дорно гэх энэ нууцлаг ертөнцийн гүнд нэвтэрсэн уран бүтээлч гэж үнэлмээр санагддаг. Ш. Чимэддорж тосон будгийн техникээр бүтээлээ туурвиад зогсохгүй усан будаг, бийр бэхийн урлаг, уран баримал зэрэг олон төрлөөр туурвидаг.
![]() |
| Artist Sh. Chimeddorj |
Ерөнхийдөө түүний бүтээлүүдэд морьний дүрсээр билэгдүүлэн хүн байгалийн харилцаа, хүмүүс хоорондын харилцаа түүн дотроо эр, эмийн шүтэлцээ (“Арга билэг”, “Love” 2006), эх үрсийн хайр (A song about mother, 2003) гэх мэт олон харилцааг харуулсан байдаг. Түүний бүтээлүүдэд гүн хөх, цэнхэр, шар өнгөнүүд зонхилдог. Энэ өнгөнүүд нь ч нэг талаасаа бэлгэдэл нөгөө талаасаа зураачийн өнгөний орон зайн мэдрэмжтэй холбоотой.
“Хөх Монгол” (1987, 200, 2001 онууд) цуврал бүтээлдээ тэрээр Монголыг ч, хүн болоод амьд ертөнцийн харилцааг ч мориор төлөөлүүлэн дүрсэлсэн байдаг. “Хөх Монгол” нь бүхэлдээ бэлгэдлийн шинж чанартай, хийсвэр (abstract) бүтээл юм. Босоо зохиомж нь төрийг илүүтэйгээр илтгэсэн байх ба зохиомжийн төвд монгол гэрийн тооно, нээлттэй мэлмий, нар, сар байх ба бүхэлдээ монгол төрийн нэгэн бэлгэ тэмдэг болох соёмбыг олж харж болох юм. Бүхэлд нь хэлэхэд түүний энэ бүтээл нь монголчуудыг, тэдгээрийн язгуур үзэл санааг, төрт ёс гэх мэт олон зүйлийг тусгасан нь харагддаг. Монголчуудын төрөө дээдлэх язгуур үзэл санааг тусгасан, хүчирхэг байдал, эв нэгдлийг харуулсан хэд хэдэн бүтээл байдаг. Тэдгээрийн тод жишээ нь “Эзэнт гүрэн” ба “Хүннү гүрэн” юм.
Түүний барималуудаас “Бороотой шөнийн эрэлчин” (2005), “Бага нас” (2005) зэрэг жижиг хүрэл барималуудаас гадна холимог техникээр бүтээсэн “Морь” (2004), “Морь - 2” (2004) зэрэг бүтээлүүд нь хүмүүсийн сонирхолыг татдаг. Эхний хоёр баримал илүү ахуйн шинж чанартай бол дараах бүтээлүүд нь илүү бэлгэдлийн шинж чанартай. Холимог техникийн давуу чанарыг сайн ашиглаж бэлгэдлийн олон тооны атрибутуудыг шигтгэн бүтээсэн нь дээрхи барималуудыг илүү агуулга сайтай болгохоос гадна нэг талаасаа үзэгчдэд илүү хүртээмжтэй, ойлгомжтой болгож чадсан бол нөгөө талаасаа дээрхи бүтээлүүдийн интерпретаци хийх орон зайг өргөжүүлж, үзэгчдэд ургуулан сэтгэх боломжийг илүү өгсөн байдаг.
М. Эрдэнэбаярын морьд их ул суурьтай, нүсэр, хүчирхэг байдаг бол Чимэддоржийн морьд хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, каллиграфик, хөнгөн, уян шинж чанартай. Түүний морьдын анатомоос харахад эдгээр морьд нь тэвчээртэй, хүчирхэг харагдана.
![]() |
| Artist Ts. Olzbaatar |
Мэдээж морины сэдвийг уран бүтээлийнхээ үндсэн сэдэв болгосон дээрхи хоёр зураачаас гадна олон зураачид бий. Тэдний морьд хэлбэр дүрсээрээ ч, өгүүлэмжээрээ ч, тэр байтугай зан характераараа ч өөр хоорондоо ялгаатай. Д. Батмөнхийн өнгө өнгийн морьд, М. Уранбэрх зураачийн өвөрмөц морьд, До. Болд, Н. Адьябазарын бүтээлүүдэд амилсан тоо томшгүй их абстракт морьд, Ж. Гэрэл зураачийн “европ” хэв маягтай ч, монгол морьд шиг эрх чөлөөтэй морьд, О. Цэвэгжавын монгол ахуйд тодрох эрч хүчтэй монгол морьд, Ц. Олзбаатарын түүхэн зурагуудад дүрслэгдсэн баатруудын анд найз нь болсон үнэнч морьд.
Үнэхээр моринд хайртай монголчуудыг “хүйтэн” ухаанаар ойлгоход хэцүү. Монгол хүн бүрийн зүрхэнд өөр өөр морьд оршдог мэт надад санагддаг. Тэд бүгд зураачид байсан бол би монгол туурагтанд багтах арав гаруй сая хүнийг төлөөлөх өөр хоорондоо адилгүй юм шиг мөртөө дэндүү адилхан олон сая морьдийн тухай өгүүлэх байлаа.
MONGOLICA magazine 2010 summer





0 сэтгэгдэл:
Post a Comment