Thursday, December 30, 2010

Поп Артын Ханхүү


1928 оны наймдугаар сарын 6-нд Питтсбург хотын словак гаралтай цагаачдын гэрт Андрей Вархола төржээ. “Сая долларын үнэтэй зураач бол” хэмээх хүүхдийн уран зургийн уралдаанд оролцоод залуу мөрөөдөгч маань нэг ч цент олоогүй гэдэг. Гэвч тэрээр өөрийн сая сая доллараа сүүлд Энди Уорхол болсон хойноо олсон юм.

Алдарт фото зурагчин Ричард Аведон. Суицид.
 (Энди Уорхолын бие)

Уорхол өөрийн бүтээлүүдээрээ хэт хэрэглээнд шунасан нийгмийг шүүмжилдэг түүгээр ч зогсохгүй тэднээр даажигнадаг байсан гэх яриа сонсогддог. Магадгүй түүний бүтээлүүдийг тэгж уншиж болох. Гэвч энэ бүхнийг та гойд анхаарах хэрэггүй. Зураач маань орчин цагийн иргэншлийн шүтэн бишрэгч нь байсан бөгөөд үүнийгээ ч тэрээр нуудаггүй байсан. Цагаан Ордны нэгэн хүлээн авалтан дээр хэдийн дэлхийд хүлээн зөвшөөрсөн алдартан маань “Итгэмээргүй юм аа Би Стинг, Элтон Жонтой хамт сууж байна шүү дээ” хэмээн “зүггүйтэж” байлаа. Тэрээр оддод болон тэдний гялбаанд унаж тусдаг байлаа.  Тэгээд ч Амеркийн поп арт хэзээ ч нийгмийн ялзарлыг эмчлэгч эм байгаагүй, шүүмжилдэг талбар байгаагүй гэдгийг санах хэрэгтэй. Тэд гагцүү өөрийн амьдарч байсан цаг хугацааны орон зайн эзэд нь л байсан.  Энди Уорхол, Том Вессельман, Жеймс Розенквист, Рой Лихтенштейн болон бусад поп артын мангасууд маас соёлын хэрэглэгдэхүүнүүдийг ашиглан гоо зүйн шинэ стандартыг бий болгохыг л хүссэн. Хийсвэр урлагийг бүтээгчид үзэгчдийг залхааж байсан тэр үед поп арт өөрийн содон шийдэлтэй, бодит дүрслэлтэй, өвөрмөц техникээрээ уйдсан олны сэтгэлийг сэргээсэн юм. 
 Залуу уран бүтээлч илтгэлтэйгээр Нью Йоркийн олныг өөртөө татсаар байлаа. Түүн шиг өөрийгөө маш сайн “рекламддаг” хүн ховор. Тэрээр өөрийн нэр, өөрийн бодит түүхээ, төрсөн он, сар төрсөн өдрөө хүртэл өөрчилсөн. Сурталчилгааны бизнес түүнийг харилцааны урлагт сургах ёстой байлаа гэвч түүнтэй харьцхад хүндрэлтэй. Эрт халзарсан учраас хүн аймаар хиймэл үс зүүдэг, үргэлж хөмхийгөө зууна, үхдэл мэт цавар царай, юу ч үл нэвтэрдэг болов уу гэмээр хар нүдний шил, үнэтэй хослол. Гэвч тэрээр хэнээс ч илүү бусдыг өөртөө татах чадвартай байсан гэдэг. Түүний амьдарлаас тасарсан суут бүтээлч мэт имиж нь олныг өөртөө соронзон мэт татаж байлаа. Бүх зүйл түүний тооцоолсноор явж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. 
Магадгүй түүнийг луйварчин гэх олон ч, ХХ зууны агуу зураач гэх олон ч бүгд “өрөөсгөл” санагдана. ХХ зууны агуу зураачийн хувьд тэрээр тийм байгаагүй гэдгийг түүний бүтээлүүд илтгэнэ. Хэдий тийм боловч түүнд гайхалтай уран бүтээлч сэтгэлгээ байсан. Олны толгойг эргүүлж, урлагийн үнэ цэнэ үгүй бүтээлээ олон сая доллраар зарж байсан гэвэл бас л өрөөсгөл хандлага. Учир нь Уорхол хэнийг ч хуураагүй, харин үзэгчид дурласан зүйлээ, авах гэсэн үнээрээ л авч байна. Энэ байдал нь Уорхолын цогцосыг зугаацуулдаг байлгүй. Түүний урлагийн НУУЦ нь... бусдад “таашагдах урлаг”. Би ч түүнд дуртай. Тэр бол тухайн нийгмийн, тухайн түүхэн үеийн гайхамшигт төлөөлөгч, түүнд бурхан ч оршдог, буг нь ч оршдог.

Энди Уорхол. Coca Cola. 1962 он.
2010 онд 35, 36 сая доллараар зарагдсан бүтээл.


2 сэтгэгдэл:

  1. cоёл ачаалж байна хэзээ тавигдах вэ? одоо бичих цаг нь болсон юм биш үү?

    ReplyDelete