![]() |
| Artist J. Munkhtsetseg |
Эртний Египтийн үй түмэн фараонуудын нэр бидэнд юу ч өгүүлдэггүй бол Нефертити, Клеопатрагийн нэрийг сонсоод л бүгд тэдний гоо үзэсгэлэн, хүч чадлыг бахдацгаана. Эртний Гэрэгийн хайр дурлал, гоо үзэсгэлэнгийн бурхан ч (Афродита), цэлмэг оюуны бурхан нь ч (Афина), тэр байтугай ялалтын бурхан ч (Ника), үнэнч шудрага ёсны бурхан ч (Фемида) бүгд эмэгтэй хүний дүрээр амилсан байдаг. Сэргэн Мандалтын үеийн хамгийн алдартай бүтээлүүд ч эмэгтэй хүний дүртэй салшгүй холбоотой. Леонардо да Винчийн “Мона Лиза”, Рафаэлийн “Сикстиний Мадонна”, Боттичелигийн “Цолмон мэндэлсэн нь” (The Birth of Venus) гээд дурьдаад байвал маш олон. XIX зууны 2-р хагас ХХ зуунаас эхлэн гоё даашинз, намирсан үстэй бүсгүйчүүдийн дүр төрх өөрчлөгдөж Г. Климтын эртний Гера бурхан шиг “хүчтэй” (сайн муугийн 2 туйлийг өөртөө нэгтгэсэн) эмэгтэйчүүд, Огюст Ренуарын махлаг, хэтэрхий энгийн бөгөөд ялдам эмэгтэйчүүд, Поль Гогений нууцлаг бөгөөд “өөр ертөнцийн” мэт тайти бүсгүйчүүд төрөн гарч ирсэн юм. Олон зууны турш дорнын Китагава Утамарогийн өөрийгөө тольдох үзэсгэлэнт бүсгүйчүүд дотоод сэтгэлээ тольдох мэт сэтгэгдэлийг үзэгчдэд үлдээнэ.
Харин орчин цагт дүрслэх урлаг төдийгүй зурагтын дэлгэц, сэтгүүлүүдийн хуудас, сурталчилгааны бүхий л талбайг эмэгтэй хүний дүрээр чимж байна.
Эртний хүмүүс Венерагаа (палеолитийн Венера) бүтээж эхэлснээс хойш үеийн үед дэлхийн зураачид эмэгтэй хүнийг хадан дээр, зотон дээрээ, модоор, шавраар, чулуугаар, хүрлээр, алтаар, гантигаар эрднийн чулуу шигтгэн бүтээж ирсэн байдаг ч хамгийн үнэ цэнтэй нь оюундаа бүтээсэн нь биз. Дэлхийн шилдэг бүтээлдийн ихэнхи нь эмэгтэй хүнийг дүрсэлсэн байх ба бүх цаг үеийн хамгийн үзэсгэлэнтэй тэр бүсгүйчүүд өнөөдөр дэлхийн музейнүүдийн чансааг тодорхойлж байна гэхэд хилсдэхгүй биз.
Монголын урлагт дэлхийн урлагийн адил эмэгтэй хүний сэдэв хамгийн чухал бөгөөд нандин сэдвийн нэгэн нь байж ирсэн. Үе үеийн уран бүтээлчид монгол бүсгүйн шинж чанарыг судлаж, тэрхүү ил юм шиг хэрнээ нууцлаг “ертөнцийг” дахин дахин шинээр нээж дотроо шаналж, шатаж бүтээсэн байдаг.
Түүний эмэгтэй хүний дүрүүд үргэлж дотроосоо “гэрэлтэж” байдаг. Ж. Мөнхцэцэг бол орчин цагийн монголын хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг ба түүний уран бүтээлийн гол сэдэв нь эмэгтэй хүн тэр тусмаа өөрөө байдгаараа онцлог.
![]() |
| Artist J. Munkhtsetseg |
Эхнэр үстэй зураасаар дундуураа хуваагдсан түүний дүрүүд үргэлж хоёр ертөнцийн хооронд орших бөгөөд бясалгасан дүрийг илэрхийлж байдаг. Тухайлбал “Төвлөрөл” дээр дундуураа зураасаар заагдсан зураачийн “улаан өнгийн” дүр бичигдсэн байдаг. Эхнэр үснийх нь нэг тал нь замбраатай самнасан байх боловч нөгөө талын үс нь задгай намирч буй сэтгэгдлийг үзэгчдэд үлдээдэг. Ийм маягаар хоёр ертөнцийг зөвхөн зураасаар хоорондоо зааглаад зогсохгүй үсний засалтаар хүртэл хоорондын ялгаа нь тодрон гарч ирэхийг олж харна. Харин түүний сэтгэлийн шаналалыг учгийг тайлхад энгэртээ хумисан гар нь садаа болох нь бэрх.
Ж. Мөнхцэцэгийн бүтээлүүдэд бэлгэдлийн шинж чанартай олон зүйл байдаг ч түүн дотроосоо хамгийн ихээр анхаарал татдаг нь тайрч буй үс юм. Үс бол хүний “үргэлжлэл” байдаг. Биеийн нэгээхэн хэсэгээсээ салж буй тэр эмэгтэйн дүр нь зураач бүсгүй өөрөө байдаг. Үсээ тайрч буй тэрхүү өнгө өнгийн бүсгүйчүүд “шигтгээн” мэлмийнийхээ цаана ямар их шаналал, харуусал гунигийг нуудаг бол мэлмийн “шигтгээнүүд” нь эгээ л нулимасын дуслууд шиг “гялтагнана”.
Түүний бүтээлүүд бүтээгчийнхээ дүр, амьдрал, сэтгэл, шаналал, гуниг, бясалгал бодролыг харуулдаг. Гэвч энэ бүхний цаана монгол бүсгүйн ухаалаг, хүчтэй, энергетик дүр төрх гэрэлтэх нь сонирхолтой. Ж. Мөнхцэцэг өөрөөрөө төлөөлүүлэн бусад эмэгтэйчүүдийг нээн харуулах нь гайхамшигтай.
![]() |
| Artist D. Narantsetseg |
Түүний хатад юу юунаас илүү ухаалаг байдаг болхоор сэтгэл маань өөрийн эрхгүй татагддаг. “Агай гүнж” бүтээлд дүрслэгдсэн тэр эмэгтэй бодлогшронгүй, хөнгөн гунигтай байх ба зураач Агай гүнжийг “Гуниг хорслын шүлэг”-ээ тэрлэх үеийг нь дүрсэлсэн бололтой. Монголын анхны эмэгтэй яруу найрагч гэгддэг энэ бүсгүйн эцэг Лян Ван Базарварми нь өстөнгүүдийнхээ хорон үгэнд итгэн хүргэн хүүгээ хөнөөсөн гэдэг. Эр нөхрийнхөө араас гашуудсан Агай гүнж “Гуниг хорслын шүлэг”-ээ тэрлэж дуусгаад нөхрийнхөө араас одсон хэмээн тэмдэглэгдэн үлдэсэн байдаг.
Д. Наранцэцэг “Хулан хатан”, “Мандухай”, “Бөртэ” зэрэг олон хатадын дүрийг зотон дээрээ буулгасан байдаг. Түүнээс гадна “Луугийн нүд”, “Сэтгэлийн диваажин” зэрэг эмэгтэй хүний гоо сайханг магтсан гэрэл сүүдрийн тоглолт, зөөлөн өнгөний зохирол, хараа булаам бие зэргийг гайхалтай уртай бүтээсэн бүтээлүүд бий. Тийм бүтээлүүд нь өөрөө “эмэгтэйлэг” болж үзэгчидийг өөртөө татан дурлуулдаг гэдэгт итгэдэг.
Монгол зурагийн стиль, орчин цагийн өрнийн болоод бусад азийн урлагийн стильтэй хослуулж баяжуулан бүтээсэн С. Заяасайханы (Заяа) язгууртан эмэгтэйчүүд ихэд сонирхолтой, өөрийнхөөрөө сэтгэл догдлуулам, өөр мэдрэмжийг төрүүлдэг. Түүний бүтээлүүдэд декоратив шинж чанар давамгайлах боловч монгол зурагийг баяжуулсан байдал нь ихэд бүтээлч байдаг. Монгол зурагийн зураасийн чадамж, боломжийг өндөр түвшинд ашиглаж язгууртан эмэгтэйчүүдийн дүрийг хөнгөн, уян налархай харуулсан төдийгүй ар фоныг хуучин “хана” мэт фактуртай болгож, дээл хувцас, ар фонын өнгөө монгол зурагт төдийлөн ажиглагддагүй өнгийг сонгон бүтээсэн нь үзэгчдэд ч сонирхолтой байдаг нь гарцаагүй.
![]() |
| Artist S. Zayasaikhan |
Монголын урлаг дах эмэгтэй хүний дүрийн тухай ярихдаа би З. Уянга зураачын “Буриад эмэгтэй” хэмээх график бүтээлийг онцлон ярих дуртай. Энэ бүтээл нь үндэсний хувцастай эмэгтэй хүнийг дүрсэлсэн хөрөг байх бөгөөд харах тусам ертөнцийн бүх эмэгтэйчүүдийн амьдралын тухай “ном” уншиж буй мэт сэтгэгдэл төрдөг. Тэдний гэгээн сайхан бодлууд, гэнэн сайхан сэтгэл, хөнгөн хошин мэдрэмж, бяцхан гуниг харуусал, хөнгөн аальгүйтэлт, гоо сайхан, тэсвэр хатуужил, ухаан, тэдний үл ойлгогдох ааш араншин гээд бүсгүй хүний олон талт шинж чанарыг ганцхан хүний дүрээр амилуулсан нь өөрөө гайхалтай. Өнгөний визуал болон билэгдэлт хүчийг үл ашиглан гагцхүү зураас, цэгүүдийг ашиглан орон зай, биеийг бүтээн хүний дотоод сэтгэлийг “нүцэглэж” чадсан тийм л сайхан бүтээл.
![]() |
| Artist Ts. Batjargal |
Тэлэн өргөсөх газар нутаг, урсан өнгөрөх цаг хугацаа, хүлээс үгүй хүсэл мөрөөдөл, тийм гэхийн аргагүй гэгэлзэх сэтгэл, хүмүүний оюун санаа, хайр хүндэтгэл гээд энэ ертөнцөд орших бүхнийг өөртөө сөхрүүлж чадсан ганцхан л зүйл байх ба түүнийг эмэгтэй хүн гэнэ.
Харин урлагийн “өглөөгөөс” эхлэн өнөөг хүртэл яагаад эмэгтэй хүний дүр хамгийн үзэсгэлэнтэй нь байгаад зогсохгүй хамгийн “хүчирхэг” нь байдаг нь мөнхийн оньсого хэвээр үлдэнэ.
Mongolica magazine. Summer 2011
![]() |
| Artist Ya.Oyunchimeg |
![]() |
| Artist S. Zayasaikhan |
![]() |
| Artist S. Zayasaikhan |
![]() |
| Artist S. Zayasaikhan |










wow ямар гоё бичдэг юм бэ? Би ингэж бичдэг болохсон. Мундаг юмаа. Таниас сурч мэдэх зүйлс ч их байна даа. Яаж тань шиг ингэж гоё бичдэг болий доо... их л юм унших хэрэгтэй байх. Таны болон багшийн нийтлэлийг унших би маш их дуртай. Тэсэн ядан хүлээдэг....
ReplyDeleteЧанартай час хийсэн нийтлэлийг та тавьж чаддаг шүү. Блогоо үргэлжлүүлээрэй. Таниас сурч мэдэх зүйл маш их байна.
Аль талаас нь эхлэхээ сайн мэдэхгүй эргэлзээд, олон юманд төөрөлдөөд зүрх сэтгэлээ сонсож чадахгүй байх шиг санагдах юм...
nice one thanks 4 share
ReplyDelete